П.Үүлэнгэрэл: Сурч мэдсэн бүхнээ “Шинэ Монгол Харүмафүжи” -д л бүрэн дүүрэн гаргаж чадна гэдгээ мэдэрсэн

20 жил ажилласан газраа орхиод явах хэцүү байсан байх. Юу таныг энд хүртэл хөтлөв?

“Шинэ Монгол” сургууль бол өөрийн гэсэн онцлогтой сургууль. Сургуулийнхаа үүднээс эхлүүлээд л өөр орчныг мэдрүүлдэг. Тийм учраас энэ сургуульд багшилж өөрийн сурч мэдсэн зүйлээ хуваалцъя, өөрөө ч хөгжье, нэг шат ахия гэж бодсон. Энэ шийдвэр маань ч буруу байгаагүй. Миний 20 жилийн туршлага, төдийгөөс өдий хүртэл сурч мэдсэн бүхэн энд л бүрэн утгаараа гарч байна. Өөрөөр хэлбэл, миний хийж бүтээж хэрэгжүүлэх юмсан гэж боддог байсан бүхэн энэ сургуульд биеллээ олж байна. Багш хүний хувьд үүнээс илүү аз жаргал гэж үгүй. Ердийн ЕБС-иас ялгагдах олон онцлогууд бий.

Жишээлбэл?

Жишээ нь, манай сургуулийн сургалтын онцлог хүүхдэд оюун ухаан, бие бялдарын өв тэгш хүмүүжил олгохыг зорьдог. Зөвхөн сургалт хөөдөггүй. Бүх хүүхдийг жигд сургаж бүх талаар нь өв тэгш хөгжүүлэхийг чухалчилдаг. Тиймээс хүүхэд бүрт хүрч ажилладаг. Энэ бол миний сурч мэдсэн бүхнээ бүрэн дүүрэн гаргах тэр боломж байсан. Үнэхээр хүүхэд сурах,  багш хөгжих бүх боломжийг бүрдүүлсэн сайхан сургууль шүү.

Шавь нартаа хандаж юу хэлэх вэ?

Шавь нартаа хандаж хэлэхэд, сургуулийнхаа зорилго, тэмүүлэл утга учир бүхнийг маш сайн санаж, хэрэгжүүлдэг байхын төлөө өдөр бүр хичээгээрэй гэж захья даа. Шинэ Монгол - Харүмафүжи үзэл санаандаа үнэнч байж, сургуулийн соёлоо бүрэн дүүрэн биедээ шингээгээсэй гэж хүсэж байна.