Та өөрийгөө танилцуулахгүй юу. “Шинэ Монгол”-ыг сонгон багшлах болсон шалтгаан тань юу вэ?
Би МУИС-ийг математик, мэдээлэл зүйн багш мэргэжлээр төгссөн. 2012-2018 онд Нийслэлийн нэгдүгээр сургуульд математикийн багшаар ажилласан.
Сонголтын хувьд “Шинэ Монгол” сургууль маань “Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн” болон өргөжиж, “Шинэ Монгол Технологийн дээд сургууль”, “Коосэн” гээд салбаруудаа амжилттай нээж байсан. Ингэж явсаар “Шинэ Монгол Харүмафүжи” сургууль байгуулагдаж байгааг сонсоод өөрийгөө сорьж үзмээр санагдсан. Японы боловсролыг Монголд нутагшуулж байгаа нь сонирхол татаж байлаа.
Таны сонголт, таны хүлээлтэд хэр нийцэж байна вэ?
Түрүүн хэлсэнчлэн “Шинэ Монгол”-чуудын хувьд Япон соёл, Япон сургалтын системийг Монголдоо нутагшуулж байгаа. Өөрөөр хэлбэл, миний хувьд ч тэр Шинэ соёлд суралцаж байна. Хүнтэй харилцах тал дээр, хүүхдүүдтэйгээ хэрхэн харьцаж, харилцах вэ гээд олон зүйл дээр Шинэ соёлд суралцаж байна. Хувь хүний хувьд, багш хүний хувьд өөрийгөө нэг шат ахиулж, суралцаж байгаадаа баяртай байна. Хамгийн гол нь багш сурагчийн харилцаа харилцан хүндлэл дээр тогтдог гэдгийг улам гүн гүнзгий ойлгож, мэдэрч байна.
Үүнээс гадна манай боловсролын салбарын багш нарын дунд түгээмэл ажиглагддаг цөөн тооны хүүхдийг тусгаарлаж олимпиадад бэлтгээд массын сургалтыг орхигдуулдаг дутагдал энд алга. Хүүхэд нэг бүртэй тулж ажиллаж, хүүхэд нэг бүрийн төлөвшил, ёс суртахуун, хичээл сурлагад анхаарч ажилладаг нь хамгийн их таалагдаж байгаа.