Хүндэт эцэг эхчүүд, багш, сурагчид та бүхэндээ анхны хичээлийн жилийн баярын мэнд хүргэе. Би Сүмогийн хатуу ширүүн тэмцэлтэй, хайр хүндлэл дүүрэн ертөнц дэх 18 жилийнхээ хөлс хүч хөдөлмөрийнхөө үр дүнд “Шинэ Монгол Харүмафүжи” хэмээх ерөнхий боловсролын сургуулиа ийнхүү үүсгэн байгуулж чадсандаа туйлын их баяртай байна.
Надад Сүмогийн Их аварга Ёкозүна хэмээх эрхэм цолыг хүртэх тийм ч амар хялбар байгаагүй.
Саад бэрхшээл, гуниг зовлон, бэртэл гэмтэл гээд учирч болох бүхэнтэй нүүр тулсан ч аав, ээж, ард түмнийхээ итгэл, сэтгэлийн дэм, Япон багш, анд нөхдийнхөө дэмжлэгээр тэр бүхнийг даван туулсан юм. Тиймээс гишгэсэн мөр, туулсан зовлон жаргал бүхнээ эргэн санаж, ард түмнийхээ ачийг хариулж, аавынхаа захиасыг биелүүлэхийг үргэлж мөрөөддөг байлаа.
Япон хүний ажилч хичээнгүй, эх оронч, өв соёл уламжлалаа дээдэлдэг тэрхүү үнэт чанар юугаар ч сольшгүй үндэсний баялаг болдгийг Сүмогийн ертөнцөд өнгөрүүлсэн он жилүүд надад гүн гүнзгий ойлгуулж мэдрүүлсэн билээ. Тиймээс Монголынхоо хүүхэд, залуусаа эх орноо хайрлаж, эцэг өвгөдөө хүндэтгэж, өв соёл уламжлалаа дээдэлдэг иргэд болон хүмүүжихэд нь өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсэх болсон юм. Энэ үедээ “Шинэ Монгол”, “Галаа багш” гэх нэрийг сонсч, тэрхүү нэрээр овоглож яваа Монгол залуус маань хүний нутагт нэрээ өндөрт өргөж, сайн бүхний жишээ болж явахыг олонтаа харж мэдрэх болсон билээ. Хожим хувь заяаны тохиолоор Ж.Галбадрах багштайгаа учирч, хүсэл мөрөөдлөө биелүүлэх “түлхүүр”-ийг олж авсан минь энэ билээ.
Бид энэхүү сургуулиараа дамжуулж “Дэлхийн дэвжээнд өрсөлдөх Монгол сургууль, Дэлхийн боловсролыг эзэмших Монгол иргэн”-ийг бий болгож, улс эх орныхоо, цаашилбал дэлхий нийтийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах болно.
Энэ бол миний чин хүсэл, аав, ээжийн минь үнэт сургааль, аминчлан хэлсэн захиас юм. Эцэст нь хэлэхэд бид хамтдаа бүхий л зүрх сэтгэл, оюун ухаанаа дайчлан хичээвэл зорьсон зорилгодоо заавал хүрэх болно.
Үүний төлөө сурагчид та бүхэн минь
Эрэлхийлж, Эргэцүүлж, Дүүлэн нисээрэй.
Хүндэтгэсэн, “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн ТУЗ-ийн дарга Даваанямын Бямбадорж
/Ёкозүна Харүмафүжи/