МЭДЭГДЭЛ

Тус сургуульд шалгалт өгөхөөр зорин ирж буй эцэг эх, хүүхдүүд та бүхний амар амгаланг эрье.

            Бид 2019-2020 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид сурагч элсүүлэх элсэлтийн журмаа баталж, 2 дугаар сарын 15-нд  олон нийтэд өөрийн сургуулийн веб сайт, фэйсбүүк хуудсаар нээлттэй мэдээлсэн билээ. Энэхүү журмын дагуу 2019 оны 4-р сарын 8-наас 4-р сарын 11-ний хооронд шалгалтын бүртгэлээ явуулж, 2019 оны 4-р сарын12-ноос 14-ний өдрүүдэд шалгалт авахаар төлөвлөөд байв.

Гэвч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын  2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай”  А/200 дугаар тушаал гарч (Тушаалын огноо хэдийгээр 2019 оны 4-р сарын 5-ны өдрөөр бичигдсэн байгаа боловч олон нийтийн сүлжээгээр 4-р сарын 8-ны өдөр тараагдсаны дараа бид 4 дүгээр сарын 9-нд тушаалын хуулбар хувийг олж авсан болно), яамны зүгээс 4 дүгээр сарын 9-нд хэвлэлийн бага хурал зарлан олон нийтэд шалгалт авахгүй болсныг мэдээлсэн тул бид эхлүүлээд байсан бүртгэлээ даруй зогсоосон юм. Дээрх тушаалын 1 дүгээр зүйлд “...нэгдүгээр ангид элсэгчдийг аливаа хэлбэрийн шалгалтгүйгээр элсүүлэн суралцуулахыг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт үүрэг болгосугай” гэж заасан байв.

            Тушаал гарсны маргааш буюу 2019 оны 4-р сарын 10-нд бид сайдад хандан, тушаалаа эргэн харахыг хүссэн 01/170 тоот албан бичиг явуулав. Бичгийн хариугаа хүлээж, асуудалд  хүлээцтэй хандан, хамтдаа ярилцаж зөвшилцөн, нэгдсэн нэг шийдэлд хүрэхийг туйлаас хүсч байлаа. БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очиртой хоёр ч удаа уулзаж саналаа тавилаа. Тэр ч байтугай жил бүрийн шалгалтаар Японоос ирж ажилладаг тус сургуулийн зөвлөх Мияата Осамүгийн хамт очиж, Японд хувийн сургуулийн элсэлтэд төр засаг огт оролцдоггүй бөгөөд ийм тушаал шийдвэрийг гаргахдаа олон нийтээр хэрхэн хэлэлцүүлдэг, тушаал шийдвэр гаргахын тулд урьдчилан судалгаа хийдэг, эрх ашиг нь хөндөгдөх магадлалтай этгээдүүдтэй хэрхэн зөвшилцдөг талаар дэлгэрэнгүй тайлбарлан яриулсан билээ.    

Бид БСШУСЯ-тай харилцан зөвшилцөхийн тулд тодорхой гурван санал тавьсан юм. Үүнд:

  1. Шалгалтын хураамжаа тэглэж, гарсан зардлыг тэнцсэн хүүхдүүдийн төлбөр дээр нэмж тооцох
  2. Хэт тулгаж гаргасан дээрх тушаалын хэрэгжих хугацааг ирэх жил хүртэл хойшлуулж, шалгалт авах аргачлалаа өөрчлөх талаар судлах
  3. Энэ удаагийн элсэлтийг яам гардан зохион байгуулж, элсэлтийн шалгалтгүй хяналтын тоонд багтаан шалгаруулалт хийж өгөхийг тус тус хүсэв.

            Сайдын хэлсэнчлэн элсэлтийг шударга, нээлттэй, тэгш, ялгаварлалгүй зохион байгуулах үүргийг хэрхэн биелүүлэх талаар бид олон өдөр бодож, хэлэлцсэн ч хугацаа ингэж тулсан үед шалгалтаас өөр гарц олж чадсангүй.

2019 оны 4-р сарын 16-ны өдөр тус яамнаас бидэнд албан бичигт бичгээр хариу өгөх боломжгүй гэдгээ мэдэгдээд “Шалгалт авч болохгүй” гэсэн сайдын шийдвэрийг дуулгав. Яам эрх ашигт халдсан шийдвэр гаргах мөртлөө гарц зааж өгөлгүй, ардчиллын зарчмыг зөрчин хувийн хэвшлийн дотоод асуудалд хөндлөнгөөс оролцсон тушаалаа өөрчлөхгүй гэдгээ ийнхүү мэдэгдлээ.

Одоо бид яах вэ?

Шалгалт зохион байгуулахыг хориглосон тул нээлттэй бүртгэл хийж чадахгүйд хүрлээ. Сугалаа сугалуулах эсвэл эхэлж бүртгүүлсэн хүүхдийг авах зэрэг арчаагүй арга хэлбэрийг бид сонгохгүй. Гэхдээ сургуулийнхаа хэвийн үйл ажиллагааг хангахын тулд элсэлтээ авах зайлшгүй шаардлагатай. Ё.Баатарбилэг сайдыг тушаалаа эргэн харж, гарааны тэгш эрх олгодог өрсөлдөөнийг хүчээр хааж боохоо болихыг бид сануулж, хүсэлт гаргасан ч ийнхүү хүчин мөхөстлөө.

Бид элсэлтийн асуудлаа энэ 4 дүгээр сард багтаан шийдвэрлэж, ирэх хичээлийн жилийн бэлтгэлээ хангах шаардлагатай байна.

Хүүхдийнх нь сонголтыг үл хүндэтгэн, сонгон шалгаруулалтад орох эрхийг хохироож байгаад олон эцэг эх ихэд бухимдан сургуульд хандаж байна. Хүүхдээ шалгалтад оруулах гэж Америк, Япон зэрэг орноос ажлаа зохицуулан ирсэн эцэг эхээс гадна Өвөрхангай, Хөвсгөл зэрэг алслагдсан аймгуудаас ч ирсэн эцэг эхчүүд байна. Бид тэдэнд хүндэтгэлтэй хандаж, арга мухардсанаа ойлгуулахыг хичээж ирлээ. Яамны 2019 оны А/200 дугаар тушаалын 1 дүгээр заалт өөрчлөгдөхгүй бол бид элсэлтээ нээлттэй авч чадахгүйд хүрээд байна. Нээлттэй, ил тод бүртгэл явуулан шалгалт хэмээх гарааны тэгш эрхийг эдэлж чадах эсэх нь эцэг эхчүүдээс, элсэлтэд хамааралтай бүх хүнээс хамаарна.

            Хэрэв сайд захиргааны хэм хэмжээ тогтоосон актаар гаргасан дээрх шийдвэрээ өөрчилж, 2019 оны 4-р сарын 10-ны хэвлэлийн бага хурал дээр өөрийнх нь хэлсэнчлэн “Сургууль бүр өөрсдийн гаргасан журмын дагуу шалгаруулалтаа хийх боломжтой” гэдгээ эрх ашиг нь хөндөгдсөн төрийн бус өмчийн сургуулиудад хандан  албажуулсан хэлбэрээр өгвөл, бид элсэлтийн шалгалтаа зохион байгуулахад бэлэн байна.

           

ШИНЭ МОНГОЛ ХАРҮМАФҮЖИ СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

2019.04.17